УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Б.Дэлгэрсайхан Жайкагийн суурин төлөөлөгч Танака Шиничи-г хүлээн авч уулзлаа.

УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр /2024.01.15/ Японы Олон улсын хамтын ажиллагааны Жайка байгууллагын суурин төлөөлөгч Танака Шиничиг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны ажлын албаныхан, Жайкагийн төслийн багийнхан оролцов.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Б.Дэлгэрсайхан Монгол улсад тулгамдаж буй хөгжлийн асуудлыг шийдвэрлэх түүнчлэн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх суурь судалгаанууд, ялангуяа макро эдийн засгийг хөгжүүлэх, засаглалыг бэхжүүлэх, аж үйлдвэрийг төрөлжүүлэх, дэд бүтцийг сайжруулах чиглэлээр олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаад талархал илэрхийллээ. Мөн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй ажил, эрх зүйн орчны талаар мэдээллийг өглөө.

Жайкагийн зүгээс “Шинэ Зуунмод хот болон эдийн засгийн чөлөөт бүсийн хөгжлийг дэмжих” төслийн явцын талаар танилцуулав. Уг төсөл нь 2023 оны 12 дугаар сараас эхлэн 2 жилийн хугацаанд хэрэгжиж дуусах аж.

Уг төслийн хүрээнд Шинэ Зуунмод хотыг хөгжүүлэх тухай хуулийн төсөл боловсруулах, тус хотын эдийн засгийн чөлөөт/ тусгай бүсийн хууль эрх зүй, хөрөнгө оруулалт, институтийн тогтолцоог бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.