Нийслэлийн засаг даргын тамгын газар, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа хамтран “Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл”-ийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Барилга хот байгуулалтын яам, Монголын архитекторуудын эвлэл, Монголын барилгын инженерүүдийн холбоо, Монголын барилгачдын нэгдсэн холбоо, Монголын барилгын үндэсний ассоциаци, Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбоо зэрэг хот байгуулалтын мэргэжлийн 10 гаруй байгууллагын төлөөлөл оролцсон юм.
Хэлэлцүүлгийн эхэнд “Шинэ Зуунмод хот”-ын ерөнхий төлөвлөлтийг Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга М.Батбаяр, “Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл”-ийг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг нар танилцуулж мэргэжлийн байгууллагын төлөөлөлтэй санал солилцож, саналуудыг нэгтгэн хуулийн төсөлд тусгахаар боллоо.