Хөшигийн хөндийн хот төлөвлөлт ба газар чөлөөлөлтийн асуудлаар өнөөдөр /2021.07.29/ Газрын харилцаа, Геодези зураг зүйн газраас хэвлэлийн бага хурал хийлээ.
Энэ үеэр холбогдох албаныхан "Чингис хаан" олон улсын нисэх буудлыг түшиглэн 34 мянган айлын орон сууцны хороолол барих ерөнхий төлөвлөгөө батлагдсан. Мөн "Шинэ Зуунмод", "Майдар хот"-ыг байгуулах ерөнхий төлөвлөгөө батлагдаад буй. Нийт 2000 орчим тээвэр ложистикийн төв байгуулна. Мөн худалдаа үйлчилгээний томоохон төвүүдийг байгуулна. Нийт 150 мянга орчим хүн амтай дагуул хот болох төлөвлөгөө гарсан. Олон улсын зэрэглэлд нийцсэн, эдийн засгийн тусгай бүс болно. Төв аймгийн Сэргэлэн сум нь хоёр хотыг хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр дэмжих болно. Бид аравдугаар сардаа багтан ерөнхий төлөвлөгөөгөө гаргаж, Засгийн газраар батлуулна" гэлээ.
БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН ТЭРГҮҮН ДЭД ЗАХИРАЛ О.ОДБАЯР:
-Хөшигийн хөндийн орчмын нэгдсэн төлөвлөлтийг хийж буй шалтгаан нь “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал баригдсан. Энэ хүрээнд 12 мянган га талбайг тусгай хэрэгцээнд авч нийт 34 мянган айлын орон сууцны хороололтой ерөнхий төлөвлөгөө батлагдсан. Мөн “Шинэ Зуунмод” хот, түүний хажууд 12 мянга га “Майдар” хот барих төлөвлөгөө батлагдсан юм.
Шинэ Зуунмод хотыг дайраад "Богд хаан" төмөр зам буюу Ази Европыг холбосон хурдны зам тавигдана. Ингэснээр тээвэр ложистикийн томоохон төв болно. Уг төв нь 2000 орчим га талбайг хамарсан тээвэр ложистикийн төв юм.
Ажлын байрыг дээрх төвүүдтэй уялдуулах ёстой. Ажлын байрны хангамжийг орчин үеийн технологийг холбосон үйлдвэр технологийн парк байдлаар төлөвлөж байна. Нийт Хөшгийн хөндий орчимд 150 мянга гаруй хүн амтай дагуул хот болно гэж төлөвлөлтөд тусгалаа. Шинэ нисэх буудлыг түшиглээд аялал жуучлал, эдийн засгийн том төвтэй байна. Энэ төв нь олон улсын зэрэгт нийцсэн эдийн засгийн тусгай бүс байхаар төлөвлөсөн.
Дээрх төлөвлөгөөтэй уялдан Сэргэлэн сумд хүндрэл үүссэн. Тиймээс уг суманд орон сууцны хороолол барих, хоёр том хотыг тэлэх, эдийн засгийн хувьд дэмжих, хүнс хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнийг хангах буюу хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр дэмжих байдлаар төлөвлөсөн. Нийт 50 орчим мянга га-д төлөвлөсөн. Үүнээс 19 мянган га газрыг тусгай хэрэгцээнд авна.
ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДОЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН ОРЛОГЧ ДАРГА М.БУЯНДЭЛГЭР:
-Улсын тусгай хэрэгцээнд авахаар төлөвлөж буй 19 мянган га газарт газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахаар Барилга хот байгуулалтын сайдын 2021 оны 160 дугаар тоот газар чөлөөлөх ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсэг энэ хугацаанд ажиллаад эхний үр дүнг танилцуулж байна. Энэ бүсэд 3173 иргэн аж ахуй нэгж байгууллагатай холбоотой асуудлыг газрыг улсын тусгай хэрэгцээнд авах журмын хүрээнд газар чөлөөлөх ажлыг зохион байгуулна. Газрыг нөхөн олговортой солих, хууль бус газар олголтыг цуцална. Эхний ээлжид 76 аж ахуй нэгжийн газрын зөвшөөрлийг цуцална.
Тиймээс Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн суманд газар эзэмшиж, ашигладаг, өмчилдөг иргэн аж ахуй нэгж байгууллагууд өнөөдрөөс буюу 2021 оны долдугаар сарын 29-ний өдрөөс наймдугаар сарын 15-ныг хүртэл хугацаанд Төв аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын албанд ирж тайлбар саналаа хэлэхийг хүсч байна.