Хөшигийн Хөндийн Эдийн Засгийн Чөлөөт бүсэд олон улсын стандартад нийцсэн хурлын танхим бүхий цогцолбор байгуулах боломжтой

Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх Конвенцын талуудын 17 дугаар бага хурал - COP17 болох ба уг арга хэмжээний бэлтгэл ажил болгож олон Улсын хурал хийх байгууламж бүхий бүтээн байгуулалтын асуудлаар БОАЖ-ын Сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэтэй мэдээлэл солилцох уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Д.Оюунхорол “НҮБ -ын олон Улсын хурал хийхэд 1000 хүний суудалтай 2 танхим, 200-300 хүн хурал хийх хүчин чадалтай 10 танхим байх шаардлагатай ба одоогийн байдлаар энэ хэмжээний байгууламж Монгол Улсад байхгүй юм. Иймд уг хурлыг угтаж олон Улсын стандартад нийцсэн байгууламжийг Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсэд байгуулах боломжтой ” гэдгийг танилцууллаа.

Одоогоор уг хуралд гаднын 180 гаруй орноос өндөр дээд хэмжээний холбогдох албаны 5000-7000 төлөөлөгч Монгол Улсад ирэх төлөвтэй байна. Өмнөх НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх Конвенцын талуудын бага хурлыг 2019 онд БНЭУ-ын Шинэ Дэли Шинэ Дэли хотод зохион байгуулж 6000 орчим оролцогч оролцсон. Харин COP15 хурлыг 2022 онд Кот-д Ивуар Улсын Абижан хотод зохион байгуулж 7000 орчим хүн оролцсон юм. Эдгээр улсууд энэхүү хуралд зориулж Олон улсын хурлын танхим зэрэг томоохон бүтээн байгуулалтыг урьдчилан хийсэн байна.

Уг хурлыг зохион байгуулснаар Монгол Улсын байгаль орчны бодлого, үйл ажиллагаа хэрхэн хэрэгжүүлж, тулгамдсан асуудлаа яаж шийддэгийг танилцуулах, бодлогын дэмжлэг авах боломж нээгдэнэ. Мөн байгаль орчны бохирдол, эсвэл уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их нөлөөлж буй Улс орнууд тодорхой хөрөнгө оруулалтыг үүрэг амлалтаараа хийдэг ба бид эдгээрээс хөрөнгө босгож, асуудлаа шийдэх боломж нээгдэх юм.

Мөн Монгол Улсаа гаднын Улс оронд сурталчлан таниулж, эдийн засаг, нийгмийн хөгжилтэй холбоотой асуудалд дэмжлэг авах, хамтран ажиллах, гадаад хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх ач холбогдолтой.