Шинэ Зуунмод хотод улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дэд бүтцийн бүтээн байгуулалтын 9 төрлийн ажлыг 16 ААН хийж гүйцэтгэж байна. Уг дэд бүтцийн бүтээн байгуулалтын гүйцэтгэлийн ажлын явцтай Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны холбогдох мэргэжилтнүүд газар дээр нь танилцаж, бүтээн байгуулалтын ажлын явцад гарч буй хүндрэл, тулгамдаж буй асуудлуудад дүн шинжилгээ хийж холбогдох байгууллагуудтай хамтран нэгдсэн зохион байгуулалтаар шийдвэрлэх ёстой гэдгийг онцоллоо.
Дээрх дэд бүтцийн барилга угсралтын ажил 40-80 орчим хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.
Үүнд: Цахилгаан шугам сүлжээний
- “Зуунмод-Хөндий” чиглэлийн 35 кВ-ын 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын угсралтын ажил 70%, Цахилгаан хангамжийн 35/10 кВ-ын 2*10 МВА чадалтай “Хөндий” дэд станцын ажлын гүйцэтгэл 40%-тай явж байна. Барилга угсралтын ажил 2024 ондоо бүрэн дуусаж эхний ээлжийн бүтээн байгуулалтыг цахилгаанаар хангах боломж бүрдэнэ.
- “Сонгино-Сэргэлэн” чиглэлийн 220 кВ-ын 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын угсралтын ажил 55% , Цахилгаан хангамжийн 220/110/35кВ-ын 2*125 МВА чадалтай "Сэргэлэн" дэд станцын барилгын ажлын гүйцэтгэл 30% байна. Барилга угсралтын ажил 2026 онд бүрэн дуусаж ашиглалтад орохоор төлөвлөсөн.
- Цахилгаан хангамжийн 110 кВ-ын 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/35/10 кВ-ын 2*40 МВА чадалтай “Аэросити” дэд станцын угсралтын ажлын гүйцэтгэлтэй 50% байна. Барилга угсралтын ажил 2026 онд бүрэн дуусаж ашиглалтад орно.
- Мэдээлэл, холбооны шугам сүлжээний угсралтын ажил 30%-тай байгаа бөгөөд 2025 онд ашиглалтад орох боломжтой.
Ус хангамж, үерийн хамгаалалтын сувгийн инженерийн шугам сүлжээний
- Үерийн хамгаалалтын нэгдүгээр сувгийн ажлын гүйцэтгэл 30 хувьтай байна.
- Үерийн хамгаалалтын дөрөвдүгээр сувгийн ажлын гүйцэтгэл 80 орчим хувьтай 2024 ондоо бүрэн хийж дуусна.
- Ус хангамжийн 8 км урт гол шугам, 2*2000 м3 усан сангийн ажлын явж 40% байна. Тус ажлыг 2024 ондоо бүрэн хийж дуусгахаар төлөвлөсөн.
- Ус хангамжийн 16 км урт гол шугам, 5 ширхэг гүний худаг, 1 ширхэг өргөлтийн насос станцын ажил 80%тай байгаа бөгөөд 2024 ондоо хийгдэж дуусна.
- Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт баригдаж буй 220/110/35кВ-ын 2*125 МВА чадалтай "Сэргэлэн" дэд станцын үерийн хамгаалалтын сувгийн ажлын гүйцэтгэл 80 орчим хувьтай байна. Тус сувгийн ажил 2024 ондоо дуусна.
Шинэ Зуунмод хотын эхний ээлжийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг 2027 онд бүрэн дуусгахаар ажиллаж байна.